Орон сууцны залилангийн хэргийг шалгах Ажлын хэсэг хуралдав

2026-08-071min
Орон сууцны залилангийн хэргийг шалгах Ажлын хэсэг хуралдав
Орон сууцны залилангийн хэргээр хохирсон иргэдийн эрхийг сэргээх, холбогдогчдын хөрөнгийг тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг авах Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээр шийдвэрлэв.

Орон сууцны залилангийн хэргээр хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсэг өнөөдөр хуралдав. Хуралдаанаар хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн Ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах талаар хэлэлцлээ.

Шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авахыг үүрэг болгосон байна. Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын болон хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж, шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа юм.

Мөн шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд битүүмжлэгдсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийж, нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах багтана.

Орон сууцны залилангийн арга нарийсаж, тэтгэвэрт гарсан аав, ээжийн нэр дээр компани нээгээд залилан хийх тохиолдол гарч байгаатай холбогдуулан дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл, гэрчилгээ олгохгүй байх зохион байгуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд үүрэг болголоо.