Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д ажиллав

2026-08-081min
Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д ажиллав
Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, их засварын явцыг шалгав. Засгийн газар эрчим хүчний салбарт шинэчлэл, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын дунд хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл, их засварын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. “ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 1-нд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах төлөвтэй гэж тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав мэдээлэв.

Ерөнхий сайд “ДЦС-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, Засгийн газрын нөөц сангаас 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нд дуусгах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах, “Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026-2027 оны өвлийн их ачааллын өмнө ашиглалтад оруулах, үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажлын саатлыг судалж шийдвэрлэх, ашиглалтын хугацаа дууссан “Турбингенератор-5”-ыг 2027 оны төсөвт тусгаж шинэчлэх ажлыг эхлүүлэх үүрэг өглөө.

Ерөнхий сайд ирэх оны төсөв өргөн мэдүүлэхийн өмнө нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, шаардлагатай бодлогын болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийг цаашид ч үзүүлэхээ мэдэгдэв.

Мөн Засгийн газар өнгөрсөн 120 гаруй хоногийн хугацаанд таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил 20-63 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцлов. Эрчим хүчний салбарын ухаалаг шилжилтийг эхлүүлж, үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх системийн бүх шатанд ил тод, үр ашигтай шинэчлэл хийж байна. Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, одоогийн станцуудын найдвартай ажиллагааг хангах, их засвар, шинэчлэлийг үе шаттай шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлж байна.