Цахим залилангийн хэргээр нэг гадаад, дөрвөн монгол иргэнийг баривчилжээ

2026-08-251min
Цахим залилангийн хэргээр нэг гадаад, дөрвөн монгол иргэнийг баривчилжээ
Цагдаагийн байгууллага цахим орчинд хуурамч зар ашиглан интернэт банкны мэдээлэл хулгайлсан нэг гадаад, дөрвөн монгол иргэнийг илрүүлэн баривчилсан талаар мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим орчинд “Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон бусад арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг нэртэй хуурамч зар мэдээллийг байршуулж, фишинг сайтуудыг зохион байгуулан иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авч, данснаас мөнгө хулгайлсан нэг гадаадын иргэн болон Монголын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилжээ.

Эдгээр этгээдүүд нь гадаад улсад үйлддэг гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах үед урт хугацаанд харилцаа тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах замаар гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулдаг байсныг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, прокурорын зөвшөөрлөөр холбогдогчдын орон байр, биед нэгжлэг хийхэд цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авчээ.

Хэрэгт холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” болон 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сүүлийн үед иргэдийн интернэт банкны нэвтрэх эрх, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг хуурамч веб хуудас, мессеж, цахим шуудан болон сошиал хаягаар дамжуулан авахыг завдсан фишинг халдлага нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Иргэд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, сэжигтэй холбоосоор нэвтэрсэн тохиолдолд банктай холбогдон данс, картыг түр хаалгах, нууц үгээ солих, цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.