Дундговь аймгийн Эрдэнэдалай сум эрдэнэ шишийн тариалалт амжилттай эхлүүлэв

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Гүн гашуун хар толгой” хоршоо нь өнгөрсөн жил багахан газарт туршилтын журмаар эрдэнэ шиш тариалсан байна. Эрдэнэ шишийг наймдугаар сарын 1-нд тарьсны дараа хоёр сарын дотор 50-60 сантиметр ургасан үр дүнд хүрчээ.
Сум болон орон нутгийн удирдлагууд эрдэнэ шишийн тариалалтыг дэмжиж, гүний худаг гаргаж өгсөн нь энэ жил хоёр га газарт эрдэнэ шиш, гурван га газарт ногоон тэжээл тариалах боломжийг бүрдүүлжээ. Хоршооны дөрвөн өрх ээлжлэн талбайгаа хамгаалан усалж, арчилж байна.
“Гүн гашуун хар толгой” хоршооны гишүүд талбайгаа хашаалж, дуслын усалгааны систем, 25 тоннын ёмкост, худгаас ус татах шахуурга болон хөдөлгүүр зэрэг хэрэгсэл худалдан авч ашиглаж байна.
Хөдөлгүүр ажиллуулахад шатахуунд их зардал гардаг тул ирэх жилээс худаг дээр нарны хавтан суурилуулж, сэргээгдэх эрчим хүчээр ус татах башүүрга ажиллуулах төлөвлөгөөтэй байгааг Н.Гансүх гишүүн хэлэв. Мөн аймгийн Улаан загалмайн хорооноос 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Өнгөрсөн зун БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны удирдлага, малчид “Гүн гашуун хар толгой” хоршоо дээр ирж эрдэнэ шишний тариалалтаар танилцан туршлага, зөвлөгөө хуваалцсан байна.
Ийнхүү малчид нөхөрлөл, хоршоо байгуулан хөрөнгөө нэгтгэж ногоон тэжээл, эрдэнэ шиш тариалсан нь өвөлжилтийн бэлтгэл, малын тарга хүч, чанарыг сайжруулахад хувь нэмэртэй бөгөөд хол газар отор нүүдэлгүй өвөлжиж хаваржих боломжийг бий болгож байна.
