Улс төр

Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийн дагуу онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж, Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

Тэрбээр түүнийг орлох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус албан тушаалд томилжээ.

Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, сахилга, хариуцлагыг үе шаттай бэхжүүлэхийг онцлон тэмдэглэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, бүтээмжийг дээшлүүлэх, яам агентлагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажиллах ёстойг Ерөнхий сайд тодорхойлон хэлсэн байна.

Б.Бат-Эрдэнэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд олон жил ажилласан туршлагатай бөгөөд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чадвартай гэж тооцогдон энэхүү үүрэгт албанд томилогджээ.

Ерөнхий сайд сайдын алба нь эрх мэдлээс илүүтэйгээр төр, түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх гэдгийг онцолсон байна.

Тэрбээр Засгийн газрын гишүүдийн дунд ёс зүй, гүйцэтгэл, үр дүнгийн хариуцлагаа сахин мөрдөхийг хатуу шаардан мэдэгдсэн байна.

Б.Бат-Эрдэнийн карьерын туршлагад 2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн ерөнхий захирал, 2010-2011 онд “JCI Монгол” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажилласан зэрэг албан тушаалууд багтаж байна.

Түүнчлэн 2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан туршлагатай.

Сэтгэгдэл