Монгол орны гол, нуурын мөсний зузаан нэмэгдэж байгаа ч мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байна. Цаг уурын байгууллагаас мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
2024 оны 1 дүгээр сарын 22-ны байдлаар жижиг болон дунд зэргийн голууд мөсөн бүрхүүлтэй болсон бол томоохон голууд дээр мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдлүүд ажиглагдаж байна.
Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуурын хувьд Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр голуудын мөсний зузаан 10-35 см болж, өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдсэн байна. Идэр, Гичгэнэ, Хануй голуудын мөсний зузаан 10-25 см хүрчээ. Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр болон зайрын хахаа ажиглагдаж, Хөвсгөл нуурын Ханх, Хатгал орчимд мөн мөсөн зах үүссэн байна.
Тэрхийн цагаан болон Өгий нууруудын мөсний зузаан 25-30 см хүрч, өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдсэн аж.
Номхон далайн ай савын голууд болох Хүдэр, Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр голуудын мөсний зузаан 15-40 см хүрсэн байна. Харин Ерөө, Тэрэлж, Туул голуудад нимгэн мөсөн бүрхүүл, мөсөн зах болон зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагддаг ба Сэлэнгэ мөрөнд мөсөн зах, зайр гүйх үзэгдэл, Орхон голын эхэнд мөсөн зах, өтгөн зайр гүйж, мөсний зузаан 5-30 см хүржээ.
Хурх, Барх, Онон, Хэрлэн, Улз, Халх голын мөсний зузаан 15-35 см болж, өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдсэн байна. Балж, Хэрлэн голын Багануур орчим болон Халх голын Сүмбэр сумын орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагджээ. Дуут, Буйр, Хөх нууруудад 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын хувьд Алтай нуруунаас усжих Сагсай, Буянт, Бодонч, Турган, Согоог голуудын мөсний зузаан 10-45 см хүрсэн бол Харбут, Чигэртэй голууд ёроолдоо хүртэл хөлджээ. Ховд, Булган, Чонохарайх, Төгрөг голуудад мөсөн зах, зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац голуудын мөсний зузаан 10-45 см болсон бол Заг гол ёроолдоо хүртэл хөлджээ. Тээл, Түйн голуудад мөсөн зах ажиглагдсан байна.
Хөх нуурын мөсний зузаан 65 см хүрч, өмнөх арав хоногоос 25 см нэмэгдсэн ба Тайгам, Бөөнцагаан нууруудад 10-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг голуудын мөсний зузаан 10-20 см болсон бол Намир гол ёроолдоо хүртэл хөлджээ. Харин Хархираа, Хариг, Түргэн, Тэс голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Увс нуур дээр мөсөн зах, мөсөн хөвлөг үүссэн ч мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байна.
Цаг уурын байгууллагаас гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх нь мэдэгдэж байгаа ч мөсний зузаан, даац усны нийт уртын дагуу болон нуурын толио хэсэгт харилцан адилгүй байгааг анхааруулж байна.
Иймд мөсөн дээгүүр зорчих, мал туух, авто тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл