Нийгэм

Өвлийн идэшний өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй өвлийн идэшний өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 1-н хүртэл сунгахаар боллоо. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээлснээр, худалдаа эхэндээ 11 дүгээр сарын 29-нд хаагдах төлөвтэй байсан ч сунгуулах шийдвэр гарсан байна.

Энэхүү өргөтгөсөн худалдаанд 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид оролцож, 53 автомашин болон 25 асарт мах, цагаан идээ болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд иргэдийн худалдан авалт нэмэгдэж, цагаан идээний нэг асар өдөрт дунджаар 15 сая төгрөгийн бараа борлуулж байна.

Одоогоор нийт 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ борлуулснаар нийтдээ 6.5 тэрбум төгрөгийн талаар борлуулалт хийгдээд байна.

Мөн 2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сар тэмдэглэхтэй холбогдуулан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг дахин Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тов зарлажээ.

Сэтгэгдэл