ОХУ-аас Сүхбаатар боомтоор АИ-92 автобензиний импорт тасралтгүй үргэлжилж байна

ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор АИ-92 автобензиний импорт тасралтгүй үргэлжилж байна. 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн, 8 дугаар сарын 6-ны өдрийн 02:30 цагийн байдлаар 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна.
Импортоор орж ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах болон шатахуун түгээх станцууд руу хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
2026 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин импортлогдсон бөгөөд Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс 8 дугаар сарын 2-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин энэ өдөр Монгол Улсын хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахуунтай вагоныг буух өртөөнүүдэд тээвэрлэх, агуулахад буулгах, шатахуун түгээх станцууд руу хүргэх ажлыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
