А.Халиун дөрвөн жилийн завсарлагааны дараа АНУ-ын хоёр томоохон жүдо тэмцээнд аварга болов

АНУ-д суралцаж төгссөн Монголын жүдо бөхийн тамирчин А.Халиун дөрвөн жилийн завсарлагааны дараа эргэн дэвжээнд гарч, тус улсын хоёр томоохон тэмцэний аварга болжээ.
Тэрбээр 2026 оны гуравдугаар сард болсон “NCJA Collegiate National Championship” буюу АНУ-ын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд долдугаар сард зохион байгуулагдсан “USA Judo Open National Championship” тэмцээнд дахин алтан медаль хүртсэн байна.
А.Халиун бэртэл гэмтлийн улмаас дөрвөн жил гаруй хугацаанд жүдо бөхийн бэлтгэл хийж чадаагүй ч энэ жил эргэн барилдаж эхэлжээ.
Тэрбээр 12 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд спортод ороход аав нь хамгийн их нөлөөлсөн гэж ярьжээ. Монголд байхдаа жүдо, самбо, жиү жицүгээр хичээллэн өсвөр, залуучуудын улсын тэмцээнүүдэд оролцож байсан бөгөөд аав нь үргэлж дэмжиж ирсэн байна.
Бэртэлтэй холбоотой өвдөгний хагалгааны дараа АНУ-д суралцахаар явж, дөрвөн жил гаруй хугацаанд жүдогийн бэлтгэлээ зогсоосон ч эргэн барилдах хүсэл нь байсаар иржээ.
2024 оны аравдугаар сард аавыгаа алдсан нь түүний хувьд хамгийн хүнд үе байсан бөгөөд энэ явдал спортод эргэн орох бодлыг нь улам бэхжүүлсэн байна.
2026 онд Санхүүгийн бүртгэл буюу Business Accounting мэргэжлээр сургуулиа төгсөөд АНУ-ын “Harai Dojo” клубт бэлтгэлээ дахин эхлүүлжээ.
Дөрвөн жилийн завсарлагааны дараа бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан ч гуравдугаар сард болсон “NCJA Collegiate National Championship” тэмцээнд түрүүлж, долдугаар сард болсон “USA Judo Open National Championship” тэмцээнд дахин алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр энэхүү амжилтыг бэртэл гэмтэл, завсарлага, эргэн бэлтгэл хийх үеийн хүндрэлүүдийг даван туулсны үр дүн гэж үзэж байна.
Жүдогийн тамирчдын өмсгөлийн ард овог нэр нь бичигддэг учир дэвжээнд гарах бүртээ аавынхаа нэрийг хамт авч явж байгаа мэт санагддаг гэжээ.
Цаашдаа илүү өндөр амжилт гаргаж, олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөхийн төлөө хичээнэ гэдгээ илэрхийлсэн байна.
