Улаанбаатар хотод цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга болон “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд нийслэлийн иргэдэд ээлтэй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-г ашиглалтад орууллаа.
“Ногоон өртөө”-г “Моннис” групп 100 хувийн хөрөнгө оруулалтаар нийт 500 сая төгрөгийн төсөвтэйгээр байгуулсан бөгөөд энэ өртөө нь 10 хүртэлх цахилгаан автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломжтой, 5 хурдан цэнэглэгч хошуутай юм.
Өртөө нь 380 вольтын цахилгаан холболт болон шаардлагатай дэд бүтцийг цогцоор шийдсэн онцлогтой.
“Моннис групп”-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар цахилгаан машин нь шатахуунд зарцуулах зардлыг 90 хувиар бууруулдаг бөгөөд цаашид ногоон өртөө байгуулах ажлыг манлайлж хийхээ мэдэгдэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас үүсдэг тул цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Тэрбээр цаашид цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх болон ногоон өртөөг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мөн дурдав.
Мөн Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна гэж мэдэгдлээ.
