С.БАЯРЦОГТ: ЭРХ БАРИГЧИД ДУТУУ МЭДЭЭЛЛЭЭ ЗОРИУДААР ТАРААЖ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт нийтийн тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд байсан С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож 35 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон гэдэг мэдээллийг гаргасан. Маш олон баримт бичгүүд дундаас ганцыг нь сугалж гаргаж ирээд сүүлийн гурван өдөр цахим сүлжээгээр тарааж байна. Энэ нь дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн. Эрх баригчдын зүгээс хийж байгаа увайгүй үйлдэл учраас тайлбарлах шаардлага гарлаа.
Х.Нямбаатар дарга ч өмнө нь Хууль зүйн сайд байсан.Төрийн ажил хэрхэн явагддагийг мэдэх байх.
2008 оны 11 дүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж Нийслэлийн нийтийн тээвэрт авах зарим арга хэмжээний тухай гэсэн тогтоол гаргасан. Тогтоол бол нээлттэй байдаг.
Тогтоолд, Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх авто тээврийн хэрэгслийн ачаа зөөвөрлөх автомашин авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг МУ-ын 2009 оны төсөвт суулгаж, арга хэмжээ авахыг ЗТБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Энэ тогтоолоор нийтийн тээврийн парк шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн.
Тэмдэглэлд том оврын 400 ширхэг автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендерийг зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан байдаг " хэмээлээ.