АНХНЫ ДҮГНЭЛТ АРАВХАН ХОНОГИЙН ДАРАА ЯАГААД ӨӨРЧЛӨГДӨВ?
Нүүрсний гэгдэх хэрэгт буруутгагдан өнгөрсөн арван хоёрдугаар сараас эхлэн хоригдож буй “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч дахин хойшлоод буй.
Хэрэг өрнөх явцад Б.Ганхуягийн бие муудаж есдүгээр сарын 25-ны орой эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг эх сурвалж мэдээлсэн ч ШШГЕГ-аас үүнийг няцаасан байдаг. Үүнээс гуравхан хоногийн дараах шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч биеийн байдал нь муу байгаа талаарх эмчийн дүгнэлтийг танилцуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн. Мөн өчигдрийн шүүх хуралдаанд Б.Ганхуяг өөрийн биеийн байдлын талаар хэлж, түүний ар гэрийнхэн ч энэ талаар мэдээлсэн юм.
Бид түүний биеийн байдлын талаар ар гэрийнхэнтэй холбогдож мэдээлэл авлаа.
Б.Ганхуягийн эгч: "Манай дүүгийн биеийн байдал цагдан хоригдсоноос хойш эрчимтэй муудаж эхэлсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс удаа дараа цагдан хориог өөрчилж, эмчлүүлэх хүсэлтийг албан бичгээр гаргаж байсан. Хамгийн сүүлд аравдугаар сарын 08-10ны хооронд албан бичиг хүргүүлэхэд 7 хоногийн дараа ил шарх сорвигүй, биеийн байдал хэвийн гэдэг эмэнэлгийн тодорхойлолт ирсэн. Гэтэл өчигдөр ямар байдалтай байгааг бүгд харлаа шүү дээ. Хүний бие дээр ганц хатги гарахад л хэчнээн зовуурьтай байдаг билээ.
Гэтэл хамаг биеэр нь туурсан үрэвсэл ясанд нь тулах аюултай байхад л түүнийг нь ил шарх сорвигүй гэдэг тодорхойлолт гаргаад байгаад гомдолтой байна. Буйл болон гар, хөл нь хөхрөөд, харлаад хордлого ч байж мэднэ шүү дээ. Цусны шинжилгээ авчхаад хэвийн л гэдэг зүйл хэлдэг. Бие нь маш их тамирдаж муудсан. Миний дүү ямар нэг хэрэг хийсэн бол хэргийнхээ хариуцлагыг үүрнэ. Гэхдээ эхний ээлжид тэр хүн үр хүүхэд, гэр бүлдээ хүнээрээ л хэрэгтэй шүү дээ. Бид зөвхөн эмчилгээ хийлгэхийг л хүсэж байна. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсныг ч гайхаж байна.
Өмнө нь шинжилгээ өгөхөд эрүүл байсан хүн өнөөдөр ийм байдалтай байхад анх ирэхдээ ийм өвчтэй байсан гэдэг зүйлийг хэлээд цагдан хориог өөрчлөөгүй. Гэтэл бидэнд ирүүлсэн эмнэлгийн тодорхойлолтод эрүүл саруул гэдэг зүйлийг хэлсэн нь зөрөөд байгаа юм" гэлээ.
Нэхэн сануулахад, Б.Ганхуягийн хувьд энэ оны есдүгээр сарын 20-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Надад жорлонгийн хэрэг үүрүүлээд араас нь жагсаал, нүүрсний хэрэгт холбогдуулах гэж байгаа бол би өнөөдөр 100 жилийн ял авахаар байна. Хэрэг ярих гэж байгаа бол намын даргатайгаа, УИХ-ын 76 гишүүнтэйгээ бүгд хүрээд ир” гэх далд бөгөөд хатуухан сануулгыг хэлсэн байдаг.
Жил гаруй хугацаанд ганцаараа бүх хэргийг үүрээд хоригдсон түүний энэ үг магад тэвчээр нь тасарсан хүний үйлдэл байх бөгөөд нэлээдгүй олон хүнийг сандаргасан нь лавтай. Тиймдээ ч 40 их наядын хэрэг гэгдэж эхэлсэн эл хэрэгт АТГ-аас 17 хүний нэр зарлаж, нэр бүхий гишүүд тэргүүн эгнээнд буруутгагдаж байсан нь саяхан ч өдгөө Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар туг тахиад өнгөрөх хэмжээнд хүрсэн нь хэргийн ардах жинхэнэ мафи “хороо найруулж” эхэлсэн ч байж болох.
Ямартай ч Б.Ганхуягийн биеийн байдал цагдан хоригдсоноос хойш ч бай, өмнө нь ч бай муудсан аж. Гэтэл цагдан хориог өөрчлөхөөс татгалзсаар байгаа нь эрх мэдэл бүхий хэргийн эзэд хонгилын цаана наранд үлдэх атгаг санаа бий юу гэх хардалтыг төрүүлж буйг энд цохон тэмдэглэе!