Brexit-ийн гацааны монгол хувилбар буюу огцрох болзолтой санал
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Европын холбоонд нэгдэн орохыг 1973 онд ард түмнээсээ асууж шийдсэн юм. Нийт иргэдийн 67 хувь дэмжсэнээр Англи Европын холбооны гишүүн болов. Их Британи бол манайхыг бодвол парламентын сонгодог тогтолцоотой улс. Улс орон, иргэдийнхээ амьдралд шууд нөлөөлөх том өөрчлөлт, сонголт, шийдвэрийг ихэнхдээ ард түмний сонголтоор шийддэг. Харин ард түмний шийдвэр буруу байсан ч, уг шийдвэрийн эрсдэлийг эрх баригчид нь үүрдэг улс төрийн дэг соёлтой. Тийм шийдвэрийн нэг нь Европын холбоонд элссэн явдал. Учир нь өдгөө Их Британичууд Европын холбоонд нэгдээд хожсоноос алдсан нь их гэж үздэг. Английн иргэдийн олонх, зарим улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, нөлөө бүхий сэхээтнүүд Европын холбооны гишүүн орнуудын худалдааны тэнцвэргүй байдал, харьцангуй хөгжил буурай бусад орнуудын паразит байдал, Европыг чиглэх цагаачдын асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандсаар ирсэн.
Популизмаар оноо цуглуулах, нэр хүндээ өсгөх тактик Английн улстөрчдөд ч байсан. Гэхдээ яг ард түмнээс асуухаар тэд популизмыг, попролтыг үнэнээс ялгаж чаддаг ажээ. Үүнийг батлах жишээ нь, Их Британийн Хөдөлмөрийн нам 1983 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Европын холбоог эсэргүүцэх олон нийтийн хүлээлт дээр хийжээ. Тухайн үедээ сөрөг хүчин байсан тус сонгуульд ялбал Английг Европын холбооноос гарна гэж амлав. Гэвч ард түмний олонхи нь Европын холбооноос гарах нь зөв ч, гарсны дараах менежментийг хийх, Европын холбоогүй Английг удирдах чадвар Хөдөлмөрийн намд байхгүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, тус нам парламентын дээд танхимын нийт 650 судлаас 209-ыг нь авч, өмнө байсан 261 суудлаа 52-оор бууруулж ахин сөрөг хүчнээрээ үлдсэн юм. Харин тэдний эсрэг талд асуудалд хүлээцтэй байхаар шийдсэн Консерватив нам өмнөх парламентаас 58-аар илүү буюу нийт 397 суудал авч Төмөр хатагтай Маргарет Тэтчер Ерөнхий сайдаар улиран томилогдож байжээ.
Европын холбоог эсэргүүцэх хандлага сүүлийн жилүүдэд бүр хүчээ авав. Заримдаа эсэргүүцэл хөдөлгөөнөөр илэрч, эрх баригчдаа сандаргаж байв. Европын холбооноос гарах, тус холбоог эсэргүүцсэн тийм нэг удаагийн давалгаанд өртсөн, өртөж огцорсон Засгийн газрын тэргүүн бол монголчуудын сайн мэдэх, цагтаа дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байсан Дэвид Камерон, мөн Тереза Мэй нар юм. Тэд өнөөгийн дэлхийн улс төрийн тогтворгүй байдлаас улбаатай цагаачдын асуудалд хандах зарим иргэдийн өнцөгт дөрөөлсөн популист улстөрчдийнхөө зодуур болсноор “Brexit” үйл явцыг хэрэгжүүлэхээс өөр арга замгүй болж буланд шахуулсан аж. Гэхдээ тэд шийдэмгий хөдлөлгүй “одоо болох улс төрийн сонгуульд сонгогч нарын саналыг авч чадахгүй” гэсэн айдастаа уягдсаар дууссан гэж ажиглагчид дүгнэдэг байна.
Ерөнхий сайд асан Дэвид Камерон нам доторх хагалан бутаргагч нараасаа болж улс төрийн шахаанд орж Их Британийн Европын холбоон дахь байр суурийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ түүний Засгийн газар Европын холбооны гишүүнчлэлээ үргэлжлүүлэх байр суурьтай байлаа. Харин өрсөлдөгчидтэйгөө хуйвалдсан нам доторх хагалан бутаргагчид нь түүнийг санал асуулга явуулахаас өөр сонголтгүй болгосон юм. Тийм учраас Дэвид Камерон Европын холбооноос гарахгүй гэх байр суурин дээрээ хатуу зогсож, өөрөө огцрох болзолтойгоор бүх нийтийн санал асуулга явуулжээ. Гэтэл санал асуулгын дүн түүнийхээр гарсангүй. 2016 оны зургадугаар сарын 23-нд болсон бүх нийтийн санал асуулгаар 66 сая хүн амтай Их Британичуудын 51,9 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэнээр Дэвид Камерон маргааш нь огцрох өргөдлөө өгч энэ үйл явцыг цаашид үргэлжлүүлэх Тереза Мэйд суудлаа тавьж өгсөн юм. Гэхдээ ард нийтийн санал хураалтын дүн ердөө 1,3 сая иргэний зөрөөтэй байв. Санал хураалтад оролцсон нийт 33,5 сая хүчинтэй саналын хуудаснуудын 17,4 сая нь Европын холбооноос гарахыг дэмжсэн бол 16,1 сая нь гишүүн хэвээр үлдэхийн төлөө саналаа өгсөн аж. Хамгийн гол нь Дэвид Камерон Европын холбооноос гарах дургүйдээ биш, гарсны дараа Европын холбоогүй Англи, Англигүй Европын холбоог төсөөлж чадахгүй байснаа ярьжээ. Энэ зовлон түүний халааг авсан Тереза Мэйд удалгүй ирэв. Тэрээр үүрэгт ажлаа авмагцаа Европын холбооноос гарах тухай асуудалд орж тус холбоотой хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Тэрээр 2019 оны гуравдугаар сарын 29 гэхэд буюу Их Британи улс хоёр жилийн дотор Европын холбооноос гарах тухай албан бичгийг Европын Холбооны Ерөнхийлөгч Доналд Таскд гардуулан өгөв.
Энэ үеэр бүх нийтийн санал хураалтад Европын холбоонд гишүүн хэвээр үлдэхийн төлөө саналаа өгсөн иргэдийн төлөөлөл 43 жилийн дараах том хэмжээний өөрчлөлтийн дараах улсынхаа эдийн засаг, шинэчлэлд санаа зовниж эхлэв. Тереза Мэй болон түүний кабинетээс Европын холбооноос гарсны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой бус гэсэн шалтгаанаар тодорхой хариулт нэхэж эхэлсэн нь энэ ажлыг гацаах нэг үндэс болжээ. Түүний нам 2017 оны сонгуульд олонхийн болзлыг хангаж чадалгүй цөөнхийн Засгийн газрын байр сууриар “Brexit” үйл явцыг шийдвэрлэх гэсэн нь энэ ажил яваагүй бас нэг шалтгаан. Үүнээс хойш Их Британи улс Европын холбооноос гарахаар тогтоосон 2019 оны гуравдугаар сарын 29 гэх өдрийг хоёр ч удаа ахин сунгав. Одоо энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр болоод буй. Тереза Мэйгийн оронд дараагийн Ерөнхий сайдын албыг саяхнаас хаших болсон Борис Жонсонд ч энэхүү том өөрчлөлтийг хийхэд өөр хоёр талаас популист хүчний сөрөг нөлөө, дарамт ирээд байна. Энэ бол “Brexit” үйл явц гацаж буй процесс гэж өөрсдийнх нь хэвлэлүүд тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Дэвид Камероныг огцорсноос хойш Англи нь гурван жилийн туршид Европын холбооноос гарч чадахгүй, ард нийтийнх нь санал асуулга хэрэгжихгүй гацаж байна.
Үүнтэй өнгө ижил нэгэн үйл явдал энэ өдрүүдэд Монголд өрнөж буй. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. УИХ болохоор дэмжих эсэхийг ард түмнээсээ асууя гэв. Ерөнхийлөгч нэмээд засаглалын хэлбэрээ буюу Монгол Улс Ерөнхийлөгчийн, парламентын засаглалын алийг сонгохыг асууя гэв. Тэд асуудлаа шийдэж чадахгүй гацсанаа ард түмнээр тайлуулахаар шийджээ. Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн эрх нь УИХ-д бий. Дээр өгүүлсэнчлэн дараагийн сонгуульдаа ялагдахаас айсандаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр шийдүүлэх гэсэн УИХ-ын шийдвэр нь буцаагаад парламентыг нуман тулгуурт орууллаа. Ерөнхийлөгч тэднийг буюу УИХ-ыг давуулж тонгоров. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялагдвал яах вэ гэсэн МАН-ын айдсын менежмент нь парламентыг үнэгүйдүүлэх алхам болов. Үндсэн хуулийн өөрчлөлтөө Brexit шиг улс төрийн гацаанд оруулав.
Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй. Тэрээр парламентын засаглал бүхий Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн парламентын засаглалыг тунхагласан өнөөдрийн Үндсэн хуулийн хүрээнд ажиллана гэдгээ тангарагласан. Тэгсэн хэрнээ одоо парламентын саналаас татгалзах эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргах нь өөрөө Үндсэн хуулиа зөрчих, тангаргаасаа няцахтай адил.
Тэгвэл Дэвид Камерон шиг огцрох болзолтой санал асуулгын төсөл санаачлах улс төрийн эр зориг манай улстөрчдөд байна уу. Ялсан намын дарга, Ерөнхий сайдын хувьд У.Хүрэлсүх, мөн улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр огцрох болзолтой бооцоогоо тавьчих. Мэдээж, У.Хүрэлсүх парламентын засаглалаа, Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалаа төлөөлнө. Тэгээд асууя. Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг эс дэмжвэл өнөөдрийн парламентын засаглалын толгойд буй У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрох. Харин ард түмний олонхи парламентын засаглалыг дэмжвэл энэ институцынхаа эрх мэдлийг дутуу байна гээд нэмэх санал гаргасан Х.Баттулга Ерөнхийлөгчөөс огцрох. Энэ бол улс төрд, олон оронд байдаг улс төрийн соёл. Ийм эрхзүй үйлчилдэг улс орон ч байна.